Монгол залуус аа,

Би өөрийгөө та бүхний анхаарлыг эх нутгийн чинь зүг чиглүүлэх ёстой хүний нэг гэж бодном. Яагаад гэвэл зах зээлийн шилжилтийн үеийн бэрх жилүүдэд үр хүүхдийнхээ нүдийг нээж, хөгжилтэй оронд эрдэм сургах эрмэлзлэлтэй,  эрсдэл бүхнийг нуруундаа үүрэн, холыг зорьсон мянга мянган ээж, аавуудын нэг нь юмаа, би.
Эдүгээ бид бараг хоёр арваныг ардаа үджээ, холын нутагт.  Үр хүүхдүүд, та нар минь өсч өндийжээ.

Бид та нараар бахархдаг.
Яагаад гэвэл та нар минь бидэнтэй хамтдаа эрсдэл бүхнийг бяцхан бие, оюун ухаанаараа цуг үүрэлцсэн. 

Бид та нарт  баярладаг.
Яагаад гэвэл та нар минь өнөөдөр хаа ч, хэнд ч гологдохгуй, нутгийн болон орон орны  залуустай мөр зэрэгцэн сурч, хөдөлмөрлөж явна.

Бид та нарт итгэдэг.
Яагаад гэвэл та нарын судсаар монгол цус гүйж байгаа болохоор та нар бусад залуусаас энэрэнгүй үзэл бодолтой.

Бид та нарыг хайрладаг.
Яагаад гэвэл та нар бэрхшээл бүрийг давсан, ялж гарсан. Холын нутгын газар хатуу ч, энэ нутгийн хэл, соёл, заншлыг сурч, эзэмшиж чадлаа.

Одоо бидэнд  ганцхан туйлын гэмээр ганц хүсэл байна.

Монгол хэл, заншлаа битгий март.
Монгол хэлээ төгс эзэмш.

Ингэснээр та нар улам хүчирхэг, бүрэн боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй болно.
Товчхон хэлэхэд олон хэлний мэдлэг дээр чинь монгол сэтгэлгээ, монгол ухаан нэмэгдвэл та нарын ирээдүйн бүтээл, сэтгэхүйд маш том боломж нэмэгдэнэ.

Доод тал нь хоёр үндэстний оюуны шавхагдашгүй сангаас зэрэг хүртэж, зөв хослуулж сурвал
дуусашгүй эрдэнийн санд нэвтэрлээ гэсэн үг юм шүү.

Бид та нарт тусланаа.

Туяа

Нэмэлт мэдээлэл